"BE CHAIRMAN-V” СУРГАЛТ ӨДӨРЛӨГ

JCI Чэйрмэн салбар байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг, JCI Монгол байгууллагын 2011 оны Үндэсний Ерөнхийлөгч, Б.Батзаяагийн санаачлан хэрэгжүүлдэг "Be Chairman" сургалт хөгжлийн хөтөлбөр 5 дахь жилдээ 2022 оны 3 сарын 19-ний өдөр JCI Chairman салбар байгууллагын гишүүд сенаторуудын хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Жил бүр давтагдашгүй өвөрмөц хэв маягаар зохион байгуулагддаг энэхүү сургалт хөгжлийн хөтөлбөр нь Чэйрмэнчүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг арга хэмжээнүүдийн нэг юм.
Урлагийн гайхамшигт ертөнцөөр дамжуулан үндэсний өв уламжлалаа таниулан сурталчлах, Монгол үндэсний ижилсэл-ялгарал, ондоошлыг гүн ухамсар, сэтгэлгээ, гоо зүйн төвшинд залуусын сэтгэл зүрхэнд тээн өвлүүлснээрээ энэ удаагийн сургалт онцгой байлаа.Амьдрал-Урлаг, Хүн-Урлаг, Урлаг-Оюун СанааЭнэ удаагийн сургалт өдөрлөг МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЗУРААЧ ШАГДАРЖАВЫН ЧИМЭДДОРЖ эрхмийн урлан, Монголд цор ганц гэж хэлж болох давтагдашгүй өвөрмөц төрхийг цогцлоосон тансаг галерейд зохиогдсоноороо урьд жилүүдээс онцлог байлаа.
Зураач, барималч, урлаач Ш.Чимэддоржийн уран бүтээлийн гайхамшигт ертөнцөөр аялж, бүтээл бүтсэн түүх, уран бүтээлчийн амьдрал замнал, сэтгэлгээний ертөнцөөр аялан уран бүтээлчтэй ярилцлага хийж мөн түүний уран зураг, бэхэн зураг, баримал, болон бусад сэтгэлгээний бүтээлүүдийг таашаан баясаж, мөн залуус өөр өөрийн өнцгөөр урлагийн бүтээлүүдийг уншиж өөрт төрсөн мэдрэмж, таашаал, сэтгэл хөдлөлөө бусадтайгаа хуваалцлаа.
Хөгжим-УрлагСургалтын дараагийн хэсэгт УДБЭТ-ын концертмэйстэр Б.Оюунгэрэл хүрэлцэн ирж хөгжмийн урлагийн түүх, сонгодог хөгжмийн хөгжил хувьслын талаар тайлбарлан сонгодог хөгжмийн хөгжлийн үе шат бүрийн онцлогийг тодорхой бүтээлүүд дээр жишээ аван төгөлдөр хуур дээр амьдаар тоглон мэдрүүлэв.
Үргэлжлээд JCI Чэйрмэн салбар байгууллагын гишүүн УДБЭТ гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга төгөлдөр хууртай хоршин дууны урлагийн гайхамшгийг гишүүдээ мэдрүүлэн сонорыг нь мялаалаа. Мөн урилгаар JCI Капитал салбар байгууллагын гишүүн, Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин Ч.Бадамханд хүрэлцэн ирж Монгол уртын дууны гайхамшгийг мэдрүүллээ.
Энэ хэсгийн бас нэгэн хүндэт зочин болох энэ цагийн шилдэг морин хуурчдын нэг Д.Шинэцог хүрэлцэн ирж уламжлалт ширэн цартай хуур болон орчин цагийн модон цартай морин хуур тэдгээрийн дуугаралт, онцлогийн өөрийн ур чадвартай хослуулан тоглож танилцууллаа.Вино-УрлагДараагийн зочноор вино судлаач, winepedia номын зохиогч Э.Батбилэг уригдан хүн төрөлхтний бие болгосон нэгэн гайхамшигт ундаа болох виног яагаад урлагийн төвшинд авч үздэг вэ? Усан үзмийг ургуулах, виног бүтээх, хадгалах, хүртэх, таашаах, хэрэглэх соёлын талаар сургалт орж Италын эртний язгууртнуудын таашаан хүртдэг байсан Ruffino нэрийн виног Чэйрмэнчүүд хамтдаа амтлан таашаалаа.
Тухайн өдөр биднийг өөрийн урландаа бүтэн өдрийн турш хүлээн авсан АРДЫН ЗУРААЧ ШАГДАРЖАВЫН ЧИМЭДДОРЖ JCI байгууллагын талаар сонирхон асууж бидний хэрэгжүүлдэг Save Angels төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар сонсоод сэтгэл нь хөдөлж өөрийн нэгэн бэхэн зургийн бүтээлийг төсөлд зориулан дуудлага худалдаанд оруулж орлогын 50%-ыг Save Angels төсөлд хандивлах хүсэлтээ илэрхийлэв.
Ингээд дуудлага худалдаагаар JCI Чэйрмэн салбар байгууллагын 2022 оны дэд ерөнхийлөгч Н.Батдэмбэрэл тус зургийг 10 сая төгрөгөөр худалдан авч Save Angels төсөлд 5 сая төгрөг хандивлалаа.













Хүмүүнд заяагдсан бүхий л мэдрэхүйгээрээ "Be Chairman-V" сургалт өдөрлөгийг мэдэрч таашаал авсан та бүхэнд баярлалаа
"SHINE BRIGHT"
Хүндэтгэсэн,
JCI Монгол байгууллага
