Back

ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН-2022

JCI Чэйрмэн салбар байгууллагаас санаачлан JCI Монгол байгууллагын 15 салбар байгууллагын нийт гишүүдийн хүрээнд хэрэгжүүлдэг Илгээлтийн Эзэн төсөл 2022.04.14-17 өдрүүдэд Булган аймгийн Хутаг Өндөр, Тэшиг сумдуудад амжилттай хэрэгжлээ.

Төслийн зорилго нь хаврын тарчиг цагт мал төллөх үед хөдөөгийн малчдад туслах, залууст уламжлалт нүүдлийн соёл Монгол ахуйгаа сурталчилан таниулах, үүгээрээ дамжуулан JCI байгууллагын залуус хоорондоо нөхөрлөлөө бэхжүүлэх, хөгжих боломж олгодогоороо онцлог юм.

Энэ удаагийн төсөлд JCI Монгол байгууллагын 10 салбарын 30 орчим гишүүд хөдөөгийн 20 гаруй айлд хүрч ажиллалаа. Энэ удаагийн төсөлд оролцогч JCI Лидер салбар байгууллагын гишүүн Б.Бурмаагийн тэмдэглэлээс хүргэж байна.

Илгээлтээр эхний удаа.. /Аян замын тэмдэглэл/Бууж мордоход буян далласан буурал аавын овоо Булган хангай нутгаар энерги эрчим нь дэндсэн ижил олон нөхдийн хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд илгээлтээр ажиллаад ирлээ.

Урин хавар ирсний дохио ус гол мяралзаж, усны шувууд зүйл бүрээр ганганалдаж, зам зуурын үзэмж бүхэн нүд булааж, зах холын сум хүрэх замыг хурдлуулна.

Оюутан үеийг санагдуулам дэврүүн нөхөд, очих газрын холыг умартан дуулалдан явсаар айл бүрт арай туршлагатай нь нэгээр, анх удаа явж буй нь асран хамгаалагчийн хамт Хутаг-өндөр, Тэшиг сумд руу хуваарилагдан явлаа. Хоёр өдрийн турш малчин айлд тус дэм болж хурга ишигний майлаанд чих таацаж, гэрт гадаагүй нөр ажлын зах зухад нэмэр болоод ирлээ.

Мартагдашгүй, бас давтагдашгүй маш гоё, үгээр илэрхийлэхэд үнэхээр багадам сэтгэлийн их амар амгалан, үеийн нөхдийн юугаар ч нөхөшгүй өөр хаанаас ч олохгүй их эрчим энерги инээд хөөрийг энэ жил ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН төслөөс авлаа. “Ийм тансаг шинэ жил үзсэнгүй” гэдэг шиг тийм нэг үнэт зүйл нь явсан хүний, очсон айлын сэтгэлд гүн сууж үлдэх утга учиртай, амин чухал нүүдэлчний зөн сэрэхүйг өдөөсөн, монгол оршихуйн омог бахархал төрүүлсэн тун чиг дотортой төсөл юм аа. Үгээр баргийн зүйлийг буулгачих гээд байдагсан бардаггүй шүү энэ төслийн надад өгсөн цаад нандин утгыг..

Гараа алдлан гайхалтай гэхээс өөр илэрхийлэл үгүй мэт.. Үнэхээр сэтгэл дүүрэн, бас сэтгэл хоргодон буцлаа. Малчин түмэн хэдэн зуун жил хийж дадсан ажилд хүч дутах гэхээсээ хүнээр дутдаг юм байна гэж харлаа.

Огт танихгүй очсон айлдаа охин нь хүү нь ах нь эгч нь аль хэзээний л анд нөхөд нь мэт дасч танилцан, харилцан зочлолцож халуун яриа өрнүүлж, хавартаа нэг биш ядаад улиралдаа нэг ирж байх урилгад даруулан, ахиад ядаж ганцхан хонохгүй дээ хэмээн үнэн сэтгэлээсээ өгүүлэх шиг таатай сэтгэлийн илэрхийлэл өөр юусан билээ дээ..

Өгөх юмаа олж ядан, тараг сүү савлан, цөцгий тос уутлан, шимийн бор, шимтэй ааруул, шинэ шөл ч гаргаж байх шиг.. өөр юугаар баярласнаа илэрхийлэх вэ гээд л тэвдэх нь хөөрхөн гэж..

Ёстой л жилийн дөрвөн улирлыг нь алгасалгүй очмоор,жирийн даруухан айлд нь хэд хоног өнжмөөр, хүн нь тогтуухан, хөдөлмөрч ажилсаг гэж жигтэйхэн, мал нь аядуухан, бахдам сайхан хангай юмаа Булган нутаг.

Хэдэн мал аваад хөдөө гаръя .. гэсэн бодол төрсөн шүү.. Гэхдээ тэр хагассайны л бодол байлаа гэж ккк /наргиа / Эцэст нь энэ төслийг санаачлагч хэрэгжүүлж эхэлсэн JCI Чэйрмэн салбарынхандаа гүн хүндэтгэл илэрхийлье.

Ивээн тэтгэгчиддээ баярлалаа ирсэн очсон айлдаа нүүр дүүрэн, хоёр гартаа уут дүүрэн, хойноос тараах ачаа дүүрэн очиход сэтгэл тэнэгэр байдаг юм байна.

Бүтээгдэхүүн бүрийг хоёр гардан гүн талархан хүлээж авахыг харах бүр сайхан байлаа. - Би юугаар ивээн тэтгэж болох вэ ирэх жил? гэж бас бодогддог юм байна. Аялал бүхний араас дагадаг адал явдал биднийг бас тойроогүй ээ, амттай болгож одоо бодох нээ..

Жил бүр явахаар шийдсэн.. би хүн байхын тулд.. миний бидний гүнд нуугдсан уг чанараа сэрээж байхын тулд.. их энгийнээр Монгол хүн гэдгээ мэдэрч, хамгийн нандин соёл уламжлалаа хадгалж үлдэхийн тулд..

Үргэлж залуу байгааг минь, үнэ цэнтэй амьдрахыг минь, нөхөрлөл гэж юу байдгийг үзүүлж, улам биднийг ойртуулж байдаг ЖЭЙ СИ АЙ – ийн бүх төслүүд сайхан.

Эдэн дотроос ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН төсөл бүр сайхан юм. Энэ жилээс хойш жил бүрийн хавар энэ төсөлд би явахаар шийдсэн хөөрхөн үү? Тасралтгүй гэжгаамаа бас... Таалан уншсан та нартаа баярлалаа.

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ